Бразилын хамгийн баян зургаан хүний хөрөнгө тус улсын 100 сая хүний нийт хөрөнгөтэй тэнцүү
Бразилын хамгийн баян зургаан хүн тус улсын нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг Их Британийн “Оксфам” төрийн бус байгууллагаас мэдээлжээ. Архи, ундаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай-Би ИнБев” компанийн захирал Карлос Альберто Сикупира, “Сафра” банкны тэргүүн Жозеф Сафра, “Фэйсбүүк” компанийг үндэслэгчдийн нэг бөгөөд алдартай хөрөнгө оруулагч Эдуардо Саверин тэргүүтэй зургаан хүний хөрөнгө Бразилын 100 сая иргэний нийт хөрөнгөтэй тэнцэхүйц гэнэ.
Мөн тус улсын хүн амын ердөө таван хувь нь үлдсэн 95 хувьд хамаарах хүн амын хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгөтэй байгааг уг судалгаагаар тогтоосон байна. Сүүлийн жилүүдэд Бразилд баян, ядуугийн ялгаа улам бүр өргөжин тэлсээр байгаа аж. Тус улсад хар арьст бразилчууд цагаан арьстнуудаас бага, эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалинтай бөгөөд Бразил нь эрх тэгш бус байдлаараа Латин Америкт дээрээсээ гуравдугаарт буюу Колумб болон Гондурасын дараа ордог байна. “Оксфам” ТББ-ын төлөөлөгч Катя Майя “Бразилд хамгийн тулгамдсан асуудал нь эрх тэгш бус байдал болоод байна. Тус улсад баян, ядуу хоорондын ялгаа хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэмжээнд хүрээд байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.