LIVE: Таван хүн амиа алдсан тул Ерөнхий сайд, хотын дарга нарыг огцортол тэмцэнэ

 

"Гэр хорооллын хэдэн хүн амиа алдсаны дараа Ерөнхий сайд, Хотын дарга нар хариуцлага хүлээх юм бэ?" гэж "Гэр хорооллын хөдөлгөөн"-ий төлөөлөл хэлж байна

"Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнөөдөр /2019-10-08/ хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн түүхий нүүрс түлэхгүй, зөвхөн сайжруулсан түлш түл гэсэн шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар гаргаж, хүний аминаас үнэтэй шахмал түлш борлуулж буйдаа хариуцлага хүлээхгүй, гэр хорооллын айл өрхүүд руу буруугаа чихэж байна хэмээн үзэж байгаа ажээ. 

"Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн н.Мөнгөнцэцэг

"Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар утааг бууруулах нэрийдлээр шахмал түлш үйлдвэрлэж, зарж эхэлсэн. 2020 оны сонгуулиар утааг багасгасан нэр зүүж, ашиг хонжоо хайх гэсэн тэдний бүтэлгүй, туршилтгүй, судалгаагүй бодлого шийдвэрийн золиосонд одоогийн байдлаар гэр хорооллын таван иргэн алтан амиа алдаж, 80 гаруй иргэн хордоод байна.

Гэвч тэд түлшинд шинжилгээ хийхэд зүгээр байсан, гэр хорооллынхон өөрсдөө буруу түлсэн хэмээн ард иргэд рүүгээ буруугаа чихэж байна. Гэр хорооллынхныг туршилтын туулай болгож, амьдралаар нь хохироож байгаа энэ увайгүй үйл ажиллагаагаа нэг даруй зогсоож, Ерөнхий сайд, хотын дарга нар алдаатай буруу бодлогынхоо хариуцлагыг хүлээж огцрохыг шаардаж буйгаа илэрхийлэв. Тэд дарга нарыг огцортол Сүхбаатарын талбайд тэмцэл өрнүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

Дарга нар хүний амь нас хохирчоод байхад эгц харж зогсоод эмгэнэл илэрхийлж чадахгүй. Өөрсдөө галаа галлаж чадаагүйгээс угаартсан хэмээн гэр хорооллын иргэд рүү буруугаа үүрүүлж байна" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.