Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд оногдуулсан хоёр жил хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Баярсайхан (Төрийн банкны захирлаар ажиллаж байсан) нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар:

  • Д.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих,
  • Г.Тогтохбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сар хорих,
  • Л.Чинбатад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох,
  • Д.Ганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
  • Б.Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар хорих, М.Болортуяад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар 120 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан аж.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Сун Гуан Чинд хоёр жил хорих, Ц.Энхтунгалагт нэг жил зургаан сар хорих ял оногдуулж, Ц.Энхтунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Харин Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд М.Болортуяад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг 22.5 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг болгон өөрчилж, зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан 120 сая төгрөгөөр торгох ялыг 20 сая төгрөг болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Г.Тогтохбаатарт оногдуулсан нэг жил зургаан сар хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.