Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүслээ

Коронавирус цар тахлын нөхцөл байдалд тохируулан Хятад, Монгол хоёр талаас тохиролцон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу нүүрс тээвэрлэлт хийж буй. Гэвч Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсан байна.

Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцжээ.

Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй монгол иргэдэд хятадын талын холбогдох байгууллагын хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгалд сөргөөр нөлөөлөх тохиолдол дахин гаргахгүй байхад анхаарч, зохих арга хэмжээ авахыг Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Элчин сайд Чай Вэньруйгаас хүсчээ.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мөн асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцахад дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч, арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдалд тогтсон маршрутаас өөр газар явж болохгүйг жолооч нарт ойлгуулахад монголын тал анхаарахыг хятадын талаас хүссэн байна.

С.Батхуяг консул ӨМӨЗО-ны Боомтын албаны хүмүүстэй түүнчлэн жолооч нарын зочид буудлын нөхцөл, хоолны чанарыг сайжруулах, буудлын төлбөрийг бууруулах асуудлыг ярилцсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.