Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ил захидал илгээжээ
Хүн бүхэн хуулийн өмнө ижил тэгш эрхтэй, өрх бүхэн ажилтай орлоготой, үрс бүхэн минь аз жаргалтай халуун дулаан нийгмийг мөрөөддөг энгийн л нэгэн сэтгүүлчээ би. Ийм л нийгмийг үр хүүхдэдээ үлдээх гэгээхэн зорилготой жирийн л нэгэн сэтгүүлч ээж би Zarig.mn мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, редакци толгойж, арав гаруй хүнийг ажлын байраар хангаж, шударга хариуцлагатай нийгмийг бүтээх зорилготой ажиллаж явна.
Харамсалтай нь сэтгүүлчийн мэргэжлийн үүргийг биелүүлж, нийтийн эрх ашгийн төлөө мэдээ сурвалжлага бэлтгэн нийтлэснийхээ төлөө цагдаа, шүүхийн гадаа “уяатай ботго” шиг өнжих боллоо. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гэх мэт албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгө, нөлөөтэй эрхмүүд сэтгүүлч намайг хуулийн байгууллагад хэдэнтэй дуудсан ч тэднийг гүтгээгүй нь тогтоогдож, хэргүүд нь хэрэгсэхгүй болсон юм.
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зүгээс сэтгүүлч надтай холбогдуулан 2019 оны долдугаар сараас гурван удаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гэхдээ тухай бүрт зохих ёсны баримтуудыг хуулийн байгууллагад гаргаж өгснөөр эрхэм гишүүн асны өргөдлүүд хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Гэтэл тухайн нэр төрд халдлаа гэх өргөдлөө Иргэний шүүхэд ахин гаргаж байна.
“Монполимет” ХХК-ийн зүгээс олон тооны өмгөөлөгч авч, шүүх байгууллага материалуудыг нууцын зэрэглэлд шилжүүлж, сэтгүүлчийн сурвалжлах үйл явцыг хяхан боогдуулах оролдлогуудыг удаа дараа гаргаж ирлээ.
Нийгмийг эрүүлжүүлэхэд, хүн бүхэн хуулийн өмнө ижил тэгш байх боломжийг бүрдүүлэхэд сэтгүүлч, хуульчид өндөр үүрэгтэй. Олон улсын сэтгүүлч, хуульч нартайгаа хамтраад шударга ёсыг бэхжүүлэх олон шийдэмгий алхмууд хийж үр дүнд хүрч байсныг бид уншдаг, сонсдог. Энэ асуудал нь зөвхөн сэтгүүлч Н.Өнөрцэцэг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гарамжав нарын буюу хувь хүмүүсийн зөрчил, хонзогнол биш юм.
Шударга бус байдлыг илчлэх үүрэгтэй сэтгүүлч, нөгөө талдаа ард түмний итгэлээр гарч ирсэн атлаа улс төр дэх давуу байдлаа ашиглаж хувийн бизнесээ өөд татах санаархалтай улс төрчийн үүсгэсэн зөрчил юм. Энгийн нэгэн сэтгүүлч мөнгөтэй эрх мэдэлтэй, нөлөөтэй, бизнес эрхлэгч, томоохон компанитай хуулийн хүрээнд маргаж буй үйл явц юм.
Авилгажсан төртэй, нөлөөлөлд орсон хуулийн байгууллагатай ийм нөхцөлд сэтгүүлч ганцаараа баримтаа хамгаалах ярвигтай байгаа учир сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаасаа, хуульч нараасаа дэмжлэг хүсч энэхүү ил захидлыг бичлээ. Хүндэтгэсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг
Үг минь үнэн Үзэг минь үргэлж хурц байх болно оо.
Монгол улс хөгжин мандаж, монгол түмэн шударга ёс ноёрхсон хөгжил дэвшилтэй нийгэмд амьдрах болтугай.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.