Хонконгийн тэмцэгчийг орогнол хүсэх гэж байхад нь баривчилжээ

Хонконгийн тэмцэгч Тони Чунг мягмар гарагийн өглөө энгийн хувцастай хоёр цагдаад баригдаж явсныг эх сурвалжууд мэдээлж байна. 19 настай залуу тэмцэгч “Хонконгийн нөхөрлөл” нэртэй ардчилал, тусгаар тогтнолыг дэмждэг бүлгэмийн гишүүн бөгөөд өмнө нь долдугаар сард баригдаж биеийн байцаалтаа хураалган, батлан даалтад суллагдаад байжээ.

Тони Чунг мягмар гарагийн өглөө Хонконг дахь АНУ-ын Консулын газраас орогнол хүсэхээр очсон байна. Өглөөний 08 цаг 10 минутын үед ирсэн боловч хаалттай байсан тул 50 метрийн зайтай кофе шоп руу явжээ. Тэр кофе шопоос Их Британид төвтэй “Хонконгийн нөхөрлөл” бүлгийнхэн рүү залгаж ногоон өнгийн цамцтай хэн нэг этгээд араас нь дагаж байгаа гэдгийг хэлсэн байна.

. Орон нутгийн хэвлэлээр түүнийг аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийг зөрчсөн хэргээр баривчлан саатуулж төв байр луу аваачсаныг мэдээлсэн байна.

БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын хууль өнгөрсөн зургадугаар сараас Хонконгт хэрэгжиж эхэлсэн. Гэвч ардчилал, тусгаар тогтнолыг дэмжигчид хуулийг зэмлэн буруушааж байгаа юм. Алдартай тэмцэгчдийн зарим нь хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хэдийнээ гадаад улс руу дүрвэсэн.

Тони Чунгийг баривчилсны дараахан мягмар гарагт залуу тэмцэгчид болох Янни Хо, Уильям Чан нарыг ч мөн баривчилсан гэдгийг мэдээлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.