Ц.Уртнасан: Дүүжин тээврийн асуудлыг Сангийн яамнаас асуу
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 22,238,927,136 (22 тэрбум 238 сая) төгрөгийг Франц Улсын “Пома групп”, “Эжис рэйл” ХХК руу “Захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн урьдчилгаа” гэх нэртэйгээр шилжүүлсэн баримт олон нийтэд ил боллоо.

Нийслэлийн дарга С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сард “Агаарын дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлнэ. Баянхошууны уулзвараас Ханын материал, III, IV хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай агаарын дүүжин зам буюу "Cable car" барина” хэмээн хэлж байсан юм.
Улмаар уг ажлаа хэрэгжүүлэх зорилгоор 22.2 тэрбум төгрөгийг 2020 оны наймдугаар сарын 31-нд Францын хоёр компани руу шилжүүлсэн нь тодорхой боллоо. Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийн захирал Ц.Уртнасантай утсаар холбогдож “Дүүжин тээвэр”-ийн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэхийг тодруулах гэсэн боловч тэрбээр “Би арга хэмжээнд оролцож байгаа тул эргээд тайлбар хэлье. Сангийн яамнаас бас асуугаарай” гэж хэлээд утсаа тасаллаа.
Дүүжин тээврийг БНФУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа учраас хөрөнгө оруулагч тал гүйцэтгэх компаниа санал болгож, төслийг хэрэгжүүлэх гэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.