Ц.Цогт-Од: Гүнжийн булгийн халиа 22 айлын хашаанд орж, гудамж зам руу 500 метр урсаж тогтсон
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин энэ сарын эхээр үүссэн билээ.
СБД-ийн 18-р хорооны засаг дарга Ц.Цогт-Од: Гүнжийн булгийн халиа 22 айлын хашаанд орж, гудамж зам руу 500 метр урсаж тогтоод байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчээр 400мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авсан ч дахин суваг дүүрч мөстсөн.
Одоогоор халиа дошин үүссэний улмаас 5-6 айл амьдран суух аргагүй болж, нүүсэн байгаа. Жилийн жилд энэ асуудал үүсдэг. Томоохон үерийн далан хийхгүй бол болохгүй байна.
СБД-ийн 18-р хорооны иргэн Даваа: Манайх 10 гаруй жилийн өмнөөс энэ газарт амьдарч байна. Урьд нь ийм халиа үүсдэггүй байсан. Сүүлийн 4-5 жилийн өмнөөс айл өрхийн байшингийн доороос ундарга гарах болсон. Энэ хавийн айлууд 1.20-1.30 метрийн зузаан мөсөн дээр амьдарч байна. Иргэд өөрсдийгөө хамгаалах тал дээр ямар ч юм хийж чадахгүй байдалтай байна. Үерийн даланг ухдаг ч дахиад дүүрчихдэг. Энэ асуудлыг нэг мэр цэгцлэх шаардлагатай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.