ЧУУЛГАН: Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах хуулиа УИХ хамгаалж үлдэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11, 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.
2017.07.01-нээс 2020.01.10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ
2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг аргачлалыг шинээр тогтоосон. Тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Одоо энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.
ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байсан. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр сөрөг хүчний гишүүд энэ байр суурийг эсэргүүцсэн.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээх авах эсэхээс санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын саналаар хөөн хэлэлцэх хугацааны тухай ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл 2017.07.01-нээс 2020.01.10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах одоогийн хуулийн зохицуулалт хэвээр үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.