LIVE: Ломбардын үйлчилгээ эрхлэгчдийн 20 хувь нь хаалгаа барьжээ
УИХ-ын нэр бүхий гишүүний өргөн барьсан Ломбардын тухай хууль УИХ-аар батлагдаад байгаа. Энэхүү хуулиар 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт 0,2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг 7-р сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байхаар зохицуулалт хийсэн юм.
Энэхүү хууль нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хохироож, тэднийг үйл ажиллагаагаа зогсоох байдал руу түлхэж байгаа тул "Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо"-ноос Ерөнхий сайдад шаардах бичгийг өнөөдөр хүргүүллээ.
Тэдний өгүүлж байгаагаар, Монгол улсын хэмжээнд 1000 орчим ломбард үйл ажиллагаа эрхэлж, багадаа 1000 ажлын байр бий болгож байтал Ломбардын тухай хууль гарснаар 20 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байна гэв. Хэдийгээр энэхүү хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн тус холбооноос ҮХЦ-д хандсан ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
"50-80 сая төгрөг эргэлдүүлдэг ломбард 5-8 хувийн хүүтэйгээр үйл ажиллагаа явуулахад зардлаа дөнгөн данган олдог байсан. Гэтэл үүнийг 3 хувь болгон бууруулснаар бид зардлаа олох ямар ч боломжгүй болж, хаалгаа хаахад хүрээд байгаа тул өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна" хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.