LIVE: Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ
С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж ял шийтгэл эдэлж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уулзлаа. Тэрбээр төв талбай дээр дүүгээ суллуулах шаардлага тавьж өлсгөлөн зарлаад буй юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Та эрүүл мэндээ бодох ёстой. Иймд өлсгөлөнгөө зогсоох саналыг тавьж байна. Мөн ковидын үед төв талбай дээр олон хүн цуглуулж халдвар хамгааллын дэглэм алдагдуулж болохгүй.
Эрүүдэн шүүхтэй холбоотой эрүүгийн хэргийг ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 31-ний УДШ-ийн Эрүүгийн танхим хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээзнэвэл яасан юм бэ. Миний зүгээс ХЗДХ-ийн сайдын хувиар УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн Г.Хосбаярт албан бичиг явуулж УДШ албан ёсоор тайлбар гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Одоогоор хариу ирээгүй байна.
Бид С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан хүмүүсийн гэр буруугийн асуудлыг яриагүй. Гагцхүү эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн нь тодорхой байхад Монголын шүүх гэм буруутайг нь эцэслэн тогтоохгүй байгаад харамсаж байгаагаа ч мөн илэрхийлсэн" гэлээ.
Т.Хүрэлбат "Миний зүгээс өлсгөлөнг зогсоохгүй, үргэлжлүүлнэ. ХМХ-ээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь тодорхой болсон. Дүү минь сэтгэл зүрхээрээ үхэж байна. Надад өөр гарц байхгүй. С.Зориг агсны хэрэг дээр ажилласан бүх шүүгч нар ажлаа хийж байна. Энэ шүүгч нарын асуудлыг авч хэлэлцэж болохгүй юу. Миний санал шүү" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.