LIVE: Н.Алтанхуяг: Ч.Өнөрбаяр аа, чамайг Монголын ард түмэн нэг өдөр дүүжилнэ шүү

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг СЕХ-д хүлээлгэн өгөх сүүлийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Үдээс өмнө 11:40 цагт МАН нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэн өгсөн бол 12:00 цагт АН нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэн өгөх хуваарьтай байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн материалыг СЕХ-д өгөхөөр УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд ирсэн бол С.Эрдэнийн материалыг өгөхөөр хуульч Ч.Өнөрбаяр иржээ.

Гэвч СЕХ дээр АН-ын хоёр талынхан хоорондоо маргалдаж, СЕХ аль алиных нь материалыг хүлээж авалгүй гаргалаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Бид материалаа өгөх гээд ирчихсэн байхад та нар юу хийж яваа юм. Ч.Өнөрбаяр аа, чамайг монголын ард түмэн нэг өдөр дүүжилнэ шүү. Чи Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх байхдаа хонгилын шүүх байгуулалцаж, өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлж, монголын төрөөр тоглосон. Одоо үргэлжлүүлэн С.Эрдэнэ гэдэг хүнийг дагаад, АН-ыг хувааж, ардчиллыг булшлах гээд явж байгаад чинь залуу хүний чинь хувьд харамсаж байна. Ч.Отгочулуу та хоёр. Ч.Отгочулууг би Ерөнхий сайд байхдаа Ц.Элбэгдоржийн хүсэлтээр Оюутолгойн ТУЗ-д оруулж байсан юм. Өнөөдөр тамганы асуудал шийдвэрлэх гээд байгаа шүүгч нар чинь чиний үед томилогдсон шүүгч нар байна билээ. Чи ингэж хүний гар хөл болж явах хэрэггүй, гэсэн юм.

СЕХ-ны хурлын танхимд АН-ын гишүүдийн хооронд маргаан өрнөж байсан учир СЕХ-ны гишүүдийн хэн нь ч орж ирж, аль алиных нь материалыг хүлээж авсангүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.