? LIVE: Ц.Эрдэнэбаяр: ААН-үүд АИ-92 шатахууныг 2000 төгрөгөөр худалдан авч 1750 төгрөгөөр зарж байна
АМГТГ-аас өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн талаар тайлбар мэдээлэл өглөө.
Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: Монгол Улсын газрын тосны импортын хэмжээ 2020 онд 1,4 сая тонн импортолсон ба эхний хагас жилийн байдлаар үүнээс 700 орчим тонныг хэрэглээд байна. Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг.
2020 оны 3 дугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Гэвч газрын тосны үнэ 2021 оны 1 дүгээр сараас өсөлттэй байгаа.
Газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн байдлаар:
- ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг
- БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 3274 төгрөг байна.
Газрын тосны үнэ ОУ-ын зах зээл дээр нэмэгдсэн тул шатахууны үнэ өсөх шалтгаан болсон. Хэрвээ төр засгаас үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авах юм бол шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг.
Шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахууныг литр тутамдаа 2000 орчим төгрөгөөр худалдан авч хэрэглэгч нарт 1750 төгрөгөөр өнөөдөр зарж байна.
ОХУ-ын Роснефьт компаниас авдаг нэг тонн АИ-92 бензиний үнэ 2020 оны 6-р сард 292 ам.доллар байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар хүрч үнийн зөрүү 369 ам.доллар болов. Монгол Улсын хэмжээнд шатахууны 12,7 мянган тонн нөөц бий. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр АИ-92-ын 30 мянган тонн нөөц бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж байна. Бензиний үнэ нь шилэн, ямар ч тохиолдолд нээлттэй байдаг. Одоо импортоор 661 ам.доллароор орж ирж байна. Долларын ханш 2850 дээр харьцангуй тогтвортой байгаа. Мөн онцгой албан татварын хэмжээг тэглэсэн. Тиймээс өөрийн өртөг 1980 төгрөг дээр тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл ОХУ-аас шууд худалдан авч байгаа үнэ болон ам.долларын ханшаас шалтгаалан тавигдаж байгаа үнэ юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.