? LIVE: ОХУ, БНХАУ хоёулаа 9 дүгээр сард шатахуун нийлүүлж чадахгүй гэж мэдэгджээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүс шатахууны хомстолын талаар тайлбар хийж байна. ОХУ болон БНХАУ-ын талаас энэ сардаа шатахуун нийлүүлэх боломжгүй, 10 дугаар сард нийлүүлнэ гэж мэдэгджээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Шатахууны хомстол өчигдрөөс илт болж эхэллээ. Монгол улс сард 30-40 мянган тонн АИ-92 шатахуун авдаг. 95 хувийг нь ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас авдаг. Роснефтьтэй хийсэн гэрээний нэг чухал заалт бол "Манай улс сар бүр 28 мянган тонн АИ-92 шатахуун авна, нөгөө тал нь өгөх ёстой" гэсэн байдаг.
Гэтэл наймдугаар сарын сүүлчээр Роснефть "17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой боллоо, Ангарскын завод засварт орно" гэсэн. Иймд бид БНХАУ-ын "Чайна ойл" компанитай гэрээ байгуулан, мөнгөө төлж, вагоны кодоо авсан. Гэтэл БНХАУ-ын талаас бас энэ сард вагон явуулах боломжгүй боллоо гэж мэдэгдлээ.
Мөн, Роснефть сард өгөх ёстой байсан 17 мянган шатахууны энэ сард өгөх боломжгүй боллоо, 10 сарын 1-нд нийлүүлье гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Манай албаны хүмүүс ОХУ-д өнөөдөр очсон, маргааш уулзана.
Шатахуунын нөөцийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлэх үүрэгтэй. Шатахууны нөөцийг бүрдүүлэхийн тулд НИК ХК-ийг шинээр байгуулахыг ч үгүйсгэхгүй.
Нефть импортлогч компаниуд дунджаар дөрөв хоногийн нөөцтэй байна. 5-7 хоног шатахууны хомстол бий болж магадгүй. Түүнээс хойно хэвийн болох тул их хэмжээгээр авч нөөцлөхгүй байхыг хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.