? LIVE: Д.Ганбат: Би ард түмнийхээ төлөө гурван сайдын суудал гуйсан

Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, Ц.Туваан нар өчигдөр /2021-10-18/ хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн. 

Өнөөдөр /2021-10-19/ Ардчилсан намын хэсэг гишүүд төрийн ордонд мэдээлэл хийж иргэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг 461-р ангиас батлан даалтаар авахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ үеэр түүнээс бүлгийн даргын ажлаа хийж буй эсэхийг тодрууллаа. 

-Таныг УИХ дахь АН-ын даргаас түдгэлзүүлсэн гэсэн. Юу болж байна вэ?

-Бүх юм хуулийн дагуу явна. Бичиг баримт нь нааш цаашаа явж байна. Ардчилсан намаас өгсөн үүрэг даалгаварын дагуу би бүлгийн даргаар ажиллаж байна. Цаашдаа ч биелүүлнэ. АН хэл амаа ололцоно. Битгий санаа зов. 

-Таныг Засгийн газраас гурван сайдын суудал авахыг санаархаж, тохиролцоонд хүрэхийн тулд Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулаад яваад байна гэх мэдээлэл байна?

-Би УИХ-ын гишүүнийг бүлгээс хасдаг эрх мэдэлтэй хүн биш. АН-ын удирдлагаас албан бичиг ирүүлсэн. АН дүрэмтэй нам. Дүрмийн хороо хуралдаж нэр бүхий гурван гишүүнийг бүлгийн гишүүнээс хас гэдэг шийдвэр гарсан. Намаас хасагдсан гишүүн УИХ дахь бүлгээс хасагддаг дүрэмтэй. МАН-д гэсэн ийм зүйл байгаа. Энэ шийдвэрээ АН-ын удирдлага УИХ-ын дарга болон бүлгийн дарга надад хүргүүлсэн. Одоо манай бүлэг найман гишүүнтэй болсон. Хасагдсан гурван гишүүн дүрмийнхаа дагуу Дүрмийн хороондоо асуудлаа тавих ёстой. Шинэ гишүүн байсан учраас алдаа оноо гаргасан биз. 

Сайдын тухайд, Дэлхийн 2-р дайнаас хойш хэзээ ч байгаагүй хүндрэлийг Ковидын үед манай ард түмэн туулж байна. Юм л бол сөрөг хүчин гээд АН засаг төрийнхөө эсрэг тэмцээд байж болохгүй. Аль болохоор ард түмний эв нэгдлийг сахиулах ёстой. Тийм учраас МАН-ын даргад би санал гаргасан. Бусад улс орны жишиг ийм байна гэж хэлсэн. Тэрийг шийдвэрлэдэг газар нь би биш. МАН, УИХ дахь олонхи шийднэ. Зүүний намын бодлого хөрсөн дээр буухгүй байна.

Гурван сайд ч гээгүй, зүгээр санал болгосон. Би хувьдаа юм гуйгаагүй. Монголын ард түмнийхээ төлөө сайдын суудал гуйсан. Би бүлгийн даргын хувьд ажлаа хийсэн.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.