Энэтхэгийн тариаланчдын эсэргүүцлийн хөдөлгөөн дуусгавар болов

Энэтхэгийн тариаланчид өнгөрсөн жил гаруйн хугацаанд үргэлжлүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоож байгаагаа мэдэгджээ. Үүнээс долоо хоногийн өмнө тус улсын Засгийн газар тэдний шаардлагыг биелүүлж, хөдөө аж ахуйн хуулийн шинэчлэлийг цуцалсан юм. 

Эдгээр хууль нь тариаланчдыг том компаниудын эсрэг хүчгүй болгож, амьжиргааг нь сүйрүүлнэ гэж үйлдвэрчний эвлэлүүд үзэж байсан.

Ийнхүү олон мянган тариаланч нийслэл Дели хотын хил дээр буудаллаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон бөгөөд өнгөрөгч жил гаруйн хугацаанд олон арван хүн халуун, хүйтэн цаг агаар болон коронавирусийн халдварын улмаас нас барсан юм.

 122011800 gettyimages 1230392265 594x594

Энэхүү хөдөлгөөн нь Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газрын хамгийн том сорилтуудын нэг болсон билээ. Мөн жагсаалын үеэр амиа алдсан тариаланчдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгохоор тохиролцсон байна.

Үүний дээрээс, тариаланчдын бүлгүүд бүтээгдэхүүний баталгаат үнэ болон тэднийг эрүүгийн хэргээс чөлөөлөх зэрэг бусад шаардлагыг тавьсан бөгөөд Засгийн газраас энэ талаар хэлэлцэхийг зөвшөөрсний дараа жагсаалаа зогсоохоор шийдсэн аж.

Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Гурнам Сингх Чаруни "Бид 1 дүгээр сарын 15-нд хэлэлцээрийн хурал хийнэ. Хэрэв Засгийн газар амлалтаа биелүүлэхгүй бол бид жагсаалаа үргэлжлүүлж магадгүй" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.