Япон улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавив
Япон улс ОХУ болон Украйны зүүн хэсэг дэх Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын эсрэг эдийн засгийн цогц хориг арга хэмжээ авахаар болсныг Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгджээ.
Тэрээр өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Нөхцөл байдал улам хурцадмал болж байна. Бид Оросын талыг эргэн дипломат арга барилд шилжихийг уриалж байна" гэж хэлсэн юм. Япон улс нь "Их долоо" бүлгийн гишүүн орнуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж, ОХУ-ын эсрэг "хатуу" арга хэмжээ авахыг чухалчилж байгаа аж.
Тодруулбал, тус улсын Засгийн газар Украйны Донецк, Луганск бүс нутгийн албан тушаалтнуудад виз олгохыг хориглож, хөрөнгийг нь битүүмжлэхээр төлөвлөж байгаа юм. Мөн эдгээр хэсгийн экспорт, импортыг хаахаас гадна Оросын Засгийн газрын бондыг шинээр гаргах, арилжаалахыг хоригложээ.
Ерөнхий сайд Кишидагийн засаг захиргаа түүнчлэн Украйны Львов хотод харилцаа холбооны газар байгуулж, япон иргэдийг тус улсаас гаргахын тулд тусгай нислэгүүдийг зохион байгуулж байна.
Эдгээр хориг нь АНУ-ын зарласан арга хэмжээтэй төстэй бөгөөд цаашид нөхцөл байдал улам дордсон тохиолдолд Япон улс "Их долоо" бүлгийн жишгийг дагана гэж мэдэгджээ. Тус бүлгийн гишүүд болох АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы удирдагчид болон Европын холбооны тэргүүнүүд ирэх пүрэв гарагт цахим уулзалт хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Kyodo News
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.