Усан парк байгуулах "M&G констракшн" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах албан бичиг хүргүүлжээ
Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар болсон. Гэвч тус газарт усан парк бус орон сууцны хороолол барихаар болсон талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар тус усан парк барих “M&G” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан "Усан парк 2028 он гэхэд ашиглалтад орно" хэмээн мэдээлэл хийсэн.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зарим нэр бүхий компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүллээ.
Тодруулбал, Хүүхэд залуучуудын соёл амралтын усан парк байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх "Эм Энд Жи констракшн" ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм.
Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хагаалаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу "ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН" ХХК-д олгосон газрыг цуцлах тухай албан бичиг хүргүүлэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.