ЦЕГ: Хоёр иргэнээс тайлбар авснаас бусдаар жагсагчдыг саатуулаагүй

Төв талбайд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр орой хууль хүчний байгууллагынхан албадан тараасан.

Жагсагчид оройн 19 цагаас эхэлж эмх замбараагүй байдалд шилжиж, төрийн ордон руу дайрах, хаалга үүд эвдэх, хамгаалалтын ажилтнуудыг бэртээх зэргээр хүчирхийллийн хэлбэрт шилжсэн тул Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, жагсаалыг албадан тараахаар болсон билээ.

Урд шөнө жагсаалд оролцсон иргэдийг албадан саатуулсан эсэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Төв талбайн гацуур мод шатаасан нэг хүн, талбайн цагдаагийн постны цонх хагалсан нэг хүнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан. Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан ажиллагаа байхгүй болно" гэлээ.

Өнөөдөр өглөөний байдлаар цагдаагийн байгууллагаас нэг ч иргэнийг баривчилсан, саатуулсан зүйл байхгүй байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.