Иргэн Г.Ган-Очирын мэдээллийг МАН-ын ЕНБД няцаав
Иргэн Г.Ган-Очир өчигдөр жүжигчин У.Цогтбаяртай лайв хийх үеэр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн талаар уулзаж, утсаар холбогдож байсан, НӨАТ-ын 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан, МАН-д ажиллаж байсан гэх зэргээр ярьсан. Үүнд Монгол улсын сайд Д.Амарбаясгалан тайлбар хийжээ.
Тэрбээр "Миний бие иргэн Г.Ган-Очиртой уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй" гэжээ.
Цаашилбал, Г.Ган-Очирын "өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан" гэж ярьсан талаар "Надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй юм" гэжээ.
Монгол Улсын Засгийн газар “Нүүрсний хулгай”-н талаар анх “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байгаа. Иймд "Олон нийтийн шударга ёсны тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.