АН-ын Эвлэрлийн ажлын хэсэг эвлэрүүлж дөнгөх үү

ЖАН гэгдэх Ардчилсан намынхан Эвлэрлийн ажлын хэсэг байгуулснаа өчигдөр зарлаж монтаж авахуулжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээ авсан учир энэхүү албан ёсны бүтэц дээрээ тулгуурлан дээрх шийдвэрийг гаргажээ. Ажлын хэсэг 39 хүнтэй байх ба дэргэд нь 20 гишүүнтэй зөвлөх баг ажиллахаар болов. Гэвч тэднийг инээвхийлэн харах хүмүүсийн харц юу өгүүлнэ вэ!  

ЖАН намынхан сандруу байна. Эвлэрсэн гэдгээ Улсын дээд шүүхэд нотолж чадахгүй бол 2024 оны сонгуульд ялагдах нь гарцаагүй болчихлоо. Өмнө нь долоон удаа УДШ-д хандахад, "дотооддоо асуудлаа шийдээгүй байна" хэмээн буцааж байсан. Өөрөөр хэлбэл, нэг толгойтой болохгүй л бол УДШ бүртгэхгүй, улмаар сонгуульд нэг цул болж орж чадахгүй болох гээд байгаа. Харин, албан ёсны тамга тэмдэгтэй нөгөө тал болох С.Эрдэнэ тун чиг тайван, Үндэсний бодлогын хороогоо хуралдуулсан шигээ байна. 

Өчигдөр авахуулсан монтаж дээр С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр байхгүй байгааг та бүхэн ажигласан байх. Энэ хоёр хүн байхгүй байгаа цагт Ардчилсан нам хэзээ ч эвлэрэхгүй гэдэг нь тодорхой юм. Учир нь эвлэрлийн ажлын хэсгийн ард Ц.Элбэгдорж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Н.Алтанхуягийн талынхан ч "Нуль Элбэгдорж харагдаад байна даа" хэмээн эгдүүцэж сууна. 

Тамгатай хутагт болон тодорсон С.Эрдэнийн Ардчилсан намынхан уржигдар Үндэсний бодлогын хорооны хурлаа хийж, Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-ын Улс төрийн зөвлөлийн даргаар томилов. Тэрбээр томилогдсоныхоо дараа монтажийн талаар "Ардчилсан Нам Монголд ганцхан л байгаа. Би батлахыг нь С.Эрдэнэ даргаас гардаж авсан. Хэсэг бүлгээрээ, АН-аас нэр дэвшиж сонгогдсон төрийн түшээдтэйгээ авахуулсан зураг хараад бас нэг бие даасан нам гэж андуурахаа больсон нь дээр" хэмээн хэллээ. Өөрөөр хэлбэл, монтаж авахуулсан нөхдийг "өөрсдийгөө Ардчилсан нам гэж андуурах хэрэггүй" гээд хэлчихлээ. Энэ бол цаагуураа С.Эрдэнийн эгдүүцэж хэлсэн үг л дээ.

Энэ эгдүүцэл Н.Алтанхуягт ч байгаад байгаад хэргийн зангилаа оршино. Энэ хоёр хүнийг өөртөө татахгүй бол Ардчилсан намын их эвлэрэл бүтэшгүй зүйл юм. УДШ ч АН-ыг бүртгэхгүй. Улсын бүртгэл дээр өөрчлөлт орохгүй бол Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахгүй болно. 

Эсвэл, С.Эрдэнэ дээрээ нэгдэх өөр гарц байгаа. Даанч нуль Элбэгдоржтонууд зөвшөөрөхгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.