Сэлбэ голын хамгаалалтын бүсэд баригдсан 2 блок барилгыг нураана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, Сэлбэ гол дагуух хоёр блок барилгыг нураахаар шийдвэрлэлээ.
Тэрбээр энэ талаар "S'outlets болон Aqua garden хорооллын голын хамгаалалтын бүсэд баригдсан 2 блок барилгыг нураах захирамж гарч байна. Голын голдиролд зөвшөөрөл олгосон асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Шийдвэр гаргасан хүмүүс татагдаж, буруутай бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" гэжээ.
2023 оны долдугаар сарын эхээр Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас Сэлбэ гол үерлэж, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг усанд автаж, ард иргэд, аж ахуйн нэгжүүд ихээхэн хэмжээний эд материалын хохирол амссан билээ. Үүнээс хойш үерийн далангаас газар хумсалсан аж ахуйн нэгж, тэдэнд зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн.
Цаашид ч Улаанбаатар хотод үер буухгүй гэж баталгаагүй учир, усны урсацыг саадгүй болгох үүднээс Нийслэлийн Засаг дарга энэхүү зоримог шийдвэрийг гаргаж байгаа аж.
Мөн, архитектур төлөвлөлтийн даалгавар /1642А/-ыг цуцлах 720 барилгын жагсаалтыг гаргасан байна. Эдгээр барилгууд нь 2016 оноос өмнө А даалгавар авсан ч барилгаа эхлүүлээгүй аж. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хэрэв шинэ стандартыг мөрдвөл зөвшөөрлөө авах боломжтой юм байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.