Б.Чойжилсүрэн: Цахилгааныг гурваас дээш цаг хязгаарлахгүй
Сүүлийн өдрүүдэд нийслэл хотод цахилгаан давтамжтайгаар тасарсаар байна. Энэ нь эрчим хүчний хязгаарлалт хийгдэж байгаатай холбоотой аж. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тайлбар өгөв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Аль болох иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр цахилгааны хязгаарлалтыг хийнэ. Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаар зургаан багц гаргасан. Нэг, эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ойролцоогоор хоёр цаг орчим хязгаарлана. Гурван цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй.
Хязгаарлалт хийгдээд эхэлсэн. Нөгөөтэйгүүр хэт хүйтэрч байгаатай холбоотойгоор цахилгааны ачааллаас үүдэж, гэмтэл гарах тохиолдол байна. Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд дээр гэмтэл гарах тохиолдол бий. Цаг тухай бүрт нь гэмтлийг арилгаад явж байна.
Сүүлийн өдрүүдэд 38 хэм хүрч хүйтэрч байна. Энэ хагас сайн өдрөөс хүйтний эрч буурах төлөвтэй байна. Гадна агаарын температур нэг хэмээр хүйтрэхэд цахилгааны 12 мгВт нэмэлт ачаалал гарч ирдэг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.