Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг хүргэхийг шаардав

Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг хүргэхийг шаардав

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаагаа мэдэгдэв.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл: 

-Боловсролын салбарт сэтгэл зүрхээрээ мянга мянган багш нар ажиллаж байна. 2024-2025 онд 4200, 2025-2026 онд  3800 багш дутагдалтай байдал үүсэж байна. Хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарсан ч ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Багш нарын цалин нэмэгдэхгүй байгаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсөвт багш, ажилчдын үндсэн цалинг нэмэх талаар нэг ч төгрөгийн төсөв тавиагүй. Тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа асуудлыг бүгд мэдсээр байгаа ч ямар нэгэн ажил хийхгүй байна.

Нэгдүгээрт, Боловсролын яамтай 2001-2024 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн заалтууд болон бусад заалт одоогийн байдлаар огт хэрэгжээгүй.

Хоёрдугаарт, 2025 оны 2 сарын 24-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засгийн газрын хооронд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр Засгийн газар тодорхой үүрэг хүлээсэн. Гэсэн ч есдүгээр сарын байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй. Цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг хүргэхийг шаардаж байна. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээд энэ шаардлагыг биелүүлэхийн төлөө дараа дараагийн арга хэмжээг авна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир:

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 21 аймаг, орон нутагт үндэсний хэмжээнд багш нарын цалинг нэмэх асуудлыг шат дараатай зохион байгуулна. Хэрэв 2026 оны төсвийг яг байгаагаар нь батлах юм бол дараагийн шатны арга хэмжээнд хүрэхээс өөр аргагүй болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.