Баянхонгорт болох тэмцээнд оролцохоор явж байсан аврагчдын автобус осолджээ
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, Хайрханы голын гүүрний хашлагыг өнөөдөр 17.10 цагийн үед зорчигч тээврийн дунд оврын автобус мөргөснөөс түүнд сууж явсан хүмүүс гэмтжээ.
"Хьюндай Каунти" загварын автобусаар Баянхонгор аймагт энэ сарын 23-24-нд зохион байгуулагдах спортын олон төрөлт тэмцээнд оролцох Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын харьяа байгууллагуудын 15 алба хаагч зорчиж явсан аж. Ослын улмаас нэг зорчигч хүнд, ес нь хүндэвтэр, бусад нь хөнгөн гэмтсэн бөгөөд ОБЕГ-аас гурван алба хаагчаа нисдэг тэргээр ГССҮТ-т хүргэж эмчилгээ хийлгэж байна. Осол гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж буй агаад тухайн автобусны жолооч нойрмоглосноос гүүрний хашлага мөргөсөн байх магадлалтай аж. Автобусны жолооч ч бас гэмтэн Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Зургийн цомог
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.