🔴П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэхийн тулд аль аль талаас хичээж байна
Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын салбар тоног төхөөрөмжийн хувьд маш хүнд байдалтай байгаа. Олон сургууль, цэцэрлэг барьж байна. Тэгээд ширээ сандал, самбар, компьютер хүрэлцээгүй байгаа. Тийм учраас тэр чиглэлийн хасалт хийгээгүй.
Ер нь багш нарын цалинг нэмэхээр л ажиллаж байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоог хариуцлагатай байхыг уриалмаар байна. Ярилцаж, хэлэлцсэн зүйл дээрээ бат зогсоод, цаана байгаа хүмүүстээ сайн ойлгуулах хэрэгтэй. Нэг хэлсэн зарчим дээрээ зогсоод, тэрийгээ бэхэлж, байр сууриа ойртуулах нь их чухал. Өчигдөр Ерөнхий сайдтай уулзуулж, сайн тохиролцоонд хүрсэн боловч өнөөдрийн нөхцөл байдал, хэлэлцээ дахиад хүндрэлтэй явж байна. Гэхдээ ирэх даваа гараг гэхэд хичээл, цэцэрлэгийг оруулах ёстой. Энэнээс илүү Монголын нийгэм, амьдралыг царцааж болохгүй.
Бид цалинг дор хаяж 30 хувиар нэмэх боломжтой байна. Энэнээс дээшлүүлэх бололцоог хоорондоо ярилцаж байгаа. Олон тоог харж, төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг үзэж, үндсэн цалинг 3.5 саяд хүргэх оныг ойртуулахаар ажиллаж байна.
Багш нарын ажил хаялт дээр яамны зүгээс ямар нэгэн дарамталсан юм байхгүй. Харин ажил хаялтын процесс дээр ямар алдаа гарсан бэ гэдэг бол тусдаа асуудал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.