Доктор, профессор С.Авирмэд: Тавантолгойн “өрөм” нь Цанхи

Доктор, профессор С.Авирмэд: Тавантолгойн “өрөм” нь Цанхи

“Тавантолгойн ордын өрмийг Энержи ресурс авсан” гэх яриаг та бүхэн сонсож байсан байлгүй. 

Үүнийг үнэн гэж итгэхдээ, Тавантолгойн ордын зургаахан хувийг авсан компани яахаараа өрмийг нь авчихдаг байна аа. 94 хувийг нь авсан төр яахаараа өрмөө алдчихдаг байна аа гэж бодож байсан уу?

Худлыг мянга улиглахад үнэн мэт болдог...

Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог. Баруун өмнөд хэсэг, Бор толгойн хэсэг, Зүүн хэсэг, Ухаахудагийн хэсэг, Цанхийн хэсэг гэж хуваагддаг. Тус ордын нөөц 2008 оны байдлаар 6.4 тэрбум тонн байсан. Сүүлийн үеийн мэдээгээр 7.4 тэрбум тн нүүрсний нөөцтэй хэмэн мэдээлэгдэж байна.

Үүнээс 5.1 тэрбум тн нь коксжих шинж чанартай нүүрс юм.

Харин “Ухаахудаг 411.5 сая тн (тэрбум биш шүү) нүүрсний нөөцтэй, үүний 252.1 сая тн нь коксжих нүүрс” гэж 1989 онд Эрчим хүч, уул уурхайн яамны Геологийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд бичигдэж үлдсэн байдаг.

“Энержи ресурс” компни 2008 онд Тавантолгойн орд газарт нийт 71 мянган га талбай бүхий зургаан тусгай зөвшөөрөлтэй байсан. Үүнийхээ 68.500 га талбайг буюу 94 хувийг нь буюу нэг лицензээс бусдыг нь төрд шилжүүлэн өгчээ. Ингэж өрөм нь төрийн мэдэлд очжээ. Энэхүү өрмийн тухай доктор, профессор С.Авирмэд “Тавантолгойн өрөм нь Цанхи юм” хэмээн хэлсэн байна.

Яагаад гэхээр, хамгийн их нөөцтэй, үндсэн хэсэг нь Цанхи ажээ. Тавантолгойн ордын нүүрс дотроо коксжих чанартай нүүрсний хамгийн их нөөцтэй, олборлоход таатай хэсэг нь Цанхийн хэсэг аж. Элдэв хагарал, нугалаа үгүй тул олборлох зардал нь бага юм байна.

Иймд доктор, профессор С.Авирмэд “Тавантолгойн гол хэсэг нь Цанхи. Бүх нөөцийн дийлэнх нь тэнд байгаа байх шүү. Нөөцийн 2-3 тэрбум лав Цанхид байгаа. Коксжих нүүрсний ихэнх хувь тэнд байгаа. Өрөм хэсэг гэж хэлж болно” гэжээ.

“Энержи ресурс” хувийн компани учир бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд 2012 онд угаах үйлдвэр байгуулжээ. Нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж зардаг учир өндөр ашиг олж байгаа нь дамжиггүй. Харин жинхэнэ өрөм буюу алтан дээр суусан төр одоо болтол угаах үйлдвэр байгуулаагүй, нүүрсээ түүхийгээр нь хямдаар гаргасаар байна. Хэн нь суусан газраасаа чулуу атгаж, атгасан чулуугаа алт болгож байна вэ? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.