🔴Ахмадуудын тэтгэврийг 2026 он гэхэд 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав
Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардав.
Ахмадын дуу хоолой хөдөлгөөний төлөөлөл:
-Ахмадуудын тэтгэврийг нэмэхдээ хувьчилж бус, мөнгөн дүнгээр ижил хэмжээгээр нэмэхийг шаардаж байна. 2026 он гэхэд тэтгэврийн хэмжээг 1.5 саяд хүргэж, энэ асуудлаар ахмадуудын төлөөллийг оролцуулан албан ёсны гэрээ хэлэлцээр хийхийг шаардаж байна. 2027 онд тэтгэврийг дорвитой нэмнэ гэсэн яриа байгаа ч, ахмадуудын нас бие, эрүүл мэндийг харгалзан хугацааг нь наашлуулах хэрэгтэй.
360 тэрбум төгрөгийг зам, байшин, соёлын төв, тоног төхөөрөмж авах төсөвт сиймхийгээр оруулах гэж байгаа бол ахмадуудынхаа амьдралд анхаарч, тэдний тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Зам, байшин өвдөхгүй, өлсөхгүй, үхэхгүй. Хүнлэг, ардчилсан нийгэм гэж ярьдаг бол ахмадуудаа бодох хэрэгтэй.
Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудтай уулзахгүй байгаа нь харамсалтай. Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар биднийг төлөөлж чадахгүй байна. 37 хоног Ордны баруун хаалган дээр гадаа суухад Ц.Сүхбаатар гуай бидэнтэй уулзаагүй. Тэрээр 413 мянган ахмадыг төлөөлж юу ярьж суудаг юм бэ?
Бидний шаардлага тодорхой байна:
- Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх,
- Тэтгэврийн зээлийг нэг удаа 36 сарын хугацаатайгаар олгох,
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, 12 хувьд хүргэх, хүүгээс хүү боддог зальжин аргыг таслан зогсоох,
- Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах,
- 694.9 тэрбум төгрөгийг тэгш хуваарилах.
Эдгээр шаардлагыг 72 цагийн дотор шийдэж өгөхийг шаардаж байна. Бид цөхөрч, ядарч, туйлдаж байна. Таван сар хүлээлээ, одоо болсон. Төр засаг хариуцлагаа ухамсарлах ёстой. Ахмадуудаа дэмжиж, амьдрахын төлөө тэмцэж байгаа биднийг сонсох хэрэгтэй. Ахмад үеэ үл тоомсорловол ард иргэдээ үл хүндэтгэсэн хэрэг болно.
1.5 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадууд энэ тэмцэл надад хамаагүй гэж бодож байгаа бол ийм зиндаархдаг байдлаа болиоч ээ. Хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон бидэнд зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Яагаад гэвэл:
- Тэтгэврийн тогтолцоо буруу
- Нийгмийн даатгалын тэтгэврийн сүүлийн таван жилийг өндөр төлсөн тохиолдолд өндөр тэтгэвэр авах хуулийн цоорхойтой
- ХАА-н салбарт ажиллаж амьдарч байсан ахмадын тэтгэвэр маш бага тогтоогдож байна.
Монгол Улс асар их байгалийн баялагтай байж 90-ээс дээш насны ахмадуудаа яагаад хайрладаггүй юм бэ? Яагаад энэ хүмүүст тусалдаггүй юм бэ? Гэтэл тэд та нарыг, бид нарыг бүгдийг нь ерөөгөөд л сууж байдаг байхгүй юу гэлээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.