🔴Д.Амарбаясгалан: Миний итгэл үнэмшил, өдөр тутмын ажил амьдрал, ирээдүйн хүсэл мөрөөдөл намын амжилттай хамт урагшилж байсан
МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал эхэллээ. Их хуралд 2247 төлөөлөгч оролцож байна. Нэг төлөөлөгч 140 намын гишүүнийг төлөөлж байгаа аж.
Хэлэлцэх асуудал:
- Тайлан, илтгэл /Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн МАН/
- Хяналтын Ерөнхий хорооны тайлан, илтгэл
- МАН-ын дарга сонгох
- Хөтөлбөр, эрмэлзлэл
- МАН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Зохион байгуулалтын асуудал /МАН-ын бага хурлын гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг сонгох/
- МАН-ын даргад чиглэл өгөх тухай
- МАН-ын Бага хуралд эрх шилжүүлэх тухай
Хуралд МАН-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, Би 18 насандаа МАН-д элсэж, 25 настайгаасаа намын үүр, цаашлаад УЗ-ын хэлтэс газрын дарга, найман жилийн турш намын ЕНБД-аар ажилласан хүн. Итгэл үнэмшил, өдөр тутмын ажил амьдрал, ирээдүйн хүсэл мөрөөдөл намын амжилттай хамт урагшилж байсан билээ. Өнгөрсөн 16 жил ажиллах хугацаандаа та бүхэнтэйгээ хамт УИХ-ын 2016, 2020, 2024 оны гурван удаагийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн ялалтуудыг байгуулсан бахархам цаг хугацааг эргэн санахад таатай байна. Ардчилсан нийгмийн үед улс төрийн нэг нам дангаараа ялалт байгуулж ажиллаж буй түүхийг бүтээлцсэндээ би баяртай байдаг. Энэ бол намын гишүүдийн маань зүтгэлийн үр дүн юм. Энэ хугацаанд нэг зүйл миний хувьд өөрчлөгдөөгүй. Энэ бол МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлал юм.
2023 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт парламентыг төлөөллийн шатанд нэг шат ахиулсан үйл явдал юм. Олон намын төлөөлөл парламентад зэрэгцэн оршиж, ардчиллыг улам бэхжүүлэх, олон ургалч үзэл бодлыг эсрэгцүүлэх түүхэн үйл явцын эхлэл юм. Улс төрийн системийн бат бөх байдлыг чухал үед авчирсан билээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бүсийн хэмжээнд тэргүүлэх хэмжээнд хүрсэн.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентын сонгуульд итгэл үнэмшилтэй ялалт байгуулахын төлөө бага хурлаараа ялалт байгуулсан. Аль ч ардчилсан улс оронд улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй байдлаар намын дотоод сонгууль явагддаг. Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд талцал авчирсан.
Намын эв нэгдэл, төр нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллыг хамгаалахын тулд би намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа хоёр хоногийн өмнө зарласан
Энэ нь хувь хүний нэр хүндийн асуудал биш байсан. Парламентыг ардчиллыг хамгаалахын тулд УИХ-ын даргаас ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
2025 онд хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч байгааг анхааруулга болгон хүлээн авч, шинэ стратегиа шуурхай боловсруулах цаг ирсэн. Өнөөдөр шинээр сонгогдох МАН-ын дарга УИХ-ын сонгуульд гурав дараалан ялсан ялалтын буухиаг үргэлжлүүлэн, дөрөв дэх дараалсан ялалтыг байгуулж, намын эв нэгдэл, хөгжил шинэчлэл хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна.
Хэдий тийм ч намын хөгжлийг шинэ үеийг эхлүүлэх, дараагийн удирдлагын хэрэгжүүлэх ёстой найман зорилтыг намын их хурлын индэр дээрээс илэрхийлэх нь миний чухал үүрэг гэж бодож байна гээд МАН-ын даргаар сонгогдох хүний хийх ёстой найман зорилтыг танилцууллаа.
-Нэгдүгээрт, МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой
-Хоёрдугаарт, Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой
-Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай
-Дөрөвдүгээрт, залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой
-Тавдугаарт, намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой
-Зургадугаарт, судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй
-Долдугаарт, хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай
-Наймдугаарт, Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой.
Зургийн цомог
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.