🔴Допингийн хариу гарсны дараа цол олгодог байх хуулийн төсөл санаачилжээ

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 39 гишүүн ард түмнээс холдсон баяраа ард түмэнд нь ойртуулах, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байх, уралдаанч хүүхдийн үнэлэмжийг өсгөх, монгол өв соёл, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж, дэлхийн монгол наадмыг бий болгох, гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр үндэсний баяр наадам зохион байгуулах, мөн тэмээний уралдаан, тэмээчдээ дэмжих зорилгоор "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн барьжээ.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Аймгийн Засаг дарга, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, энгийнээр хэлэхэд амьдрал мэддэг, хөдөө гадааны зовлон жаргалыг мэддэг гишүүдийн хамтаар нэгжийн хуульд өөрчлөлт оруулж, босоо томилгоог хэвтээ болгож, орон нутаг руу шилжүүлэх хуулийг өргөн барьсан. Мөн 38 гишүүний хамт Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуульд оруулж байгаа гол өөрчлөлт бол эрийн гурван наадмыг сэргээх заалт юм. Эрийн гурван наадам гэдэг нь нэг эр хүн морио өөрөө унаж уралдаад, бөхөө өөрөө барилдаад, нум сумаа өөрөө харвадаг, монголчуудын үндсэн уламжлалт баяр цэнгэл наадам байсан юм.

Монгол Улсын 330 сум, 21 аймагт хийгдэж байгаа 7 дугаар сарын 11-ний наадам оролцогч маш багатай болсон. Сум, аймагт санхүүгийн боломжтой цөөхөн хүмүүс, эсвэл хэдэн дарга нарын наадам болж хувирсан байна. 15-20 жилийн өмнө сумын баяр наадамд бүх малчин, ард иргэд нь ирж оролцоод, өргөн дэлгэр наадам болдог байсан. Бараг малчин болгон морь уяж, баясан цэнгэдэг байсан бол одоо ийм зүйл байхгүй болсон. Зарим сумын сүүлийн хоёр жилийн статистикийг үзэхэд, зарим насанд уралдах морь тав хүрэхгүй байна. Тиймээс баяр наадмыг эргээд ард түмэнд нь авчрах агуулгаар энэ заалтыг нэмж оруулсан.

Түүнчлэн, баяр наадамд бөхийн цол авахад шууд цолны үнэмлэхийг нь бичиж өгөөд, зарлиг уншдаг байсныг халж, допингийн шинжилгээний дараа цолыг нь олгодог байх агуулга тусгагдсан. 

Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд зохион байгуулсан бөхийн барилдаанд хүч үзсэн бөхийн чансааг харгалзан үзээд, тухайн улсын Элчин сайдаас аймаг, сумын дүйцэхүйц цол олгодог байх агуулгыг мөн тусгаж өгсөн.

Уралдаанч хүүхдүүдийн үнэлэмж үндсэндээ байдаггүй тул эдгээр хүүхдүүдэд бас цол олгож, урамшууллыг нь өндөр байлгах агуулгыг оруулсан. Мөн аймгийн дээд гурван насны гурван айраг, түрүүг улсын бүсийн нэг айраг, түрүүтэй дүйцүүлж амжилт олгодог заалтыг оруулж өгсөн. Тод манлай уяач цол нь уяачдын хувьд хамгийн том цол байдаг бол Дархан тод манлай гэдэг цолыг нэмж оруулах тухай хуульд нэмэлтээр оруулсан.

Нийт ард түмний баяр цэнгэл наадамд бүгдээрээ оролцож байж баярладаг болохоос биш, зүгээр харж суугаад баярлана гэж байхгүй. Яг үнэндээ сүүлийн үед сумын наадамд аймгийн цолтнууд ирж будилуулаад, аймгийн наадамд улсын цолтнууд ирж будилуулдаг болсон. Сумын наадмын түрүү бараг ундааны саваар цохигдоод, хөөгдөөд явдаг болчхоод байгаа. Тэгвэл сумын ард иргэд нь өөрсдөө оролцоод, өөрсдөө үнэн хүчийг үздэг агуулгыг оруулж ирж байгаа юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэрэгжүүлээд эхлэхээр ард түмний оролцоог хангасан их сайхан баяр наадам болно гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 13 өдөр өмнө
Дараа жилиин наадмын өмнөхөнү