🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тоолонд Засгийн газрыг огцруулах ажил явагддаг
Оюутолгой болон Монгол Улсын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа оролцож байсан гэдгээр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Оюутолгойн сонсголд дууджээ. Түүнтэй ярилцав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-"Байгаль орчны сайдаар ажилласан байсан учир" гэж намайг Оюутолгойн сонсголд гэрчээр дуудсан байна лээ. Сайдаар ажиллаж байхдаа би ямар нэгэн гэрээ, хэлцэлд орж байгаагүй. Харин, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа зээлийн хэлэлцээрийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Ямар нэг үр дүнд хүрээгүй. Тэгсхийгээд замхарсан.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 24 орчим тэрбум ам.доллараар баригдаж дуусна гэсэн мэдээллийг бид авсан. Гэтэл манай 11 хувийн хүүтэй зээлийг төлье гэвэл одоогийн байдлаар 24 тэрбум ам.доллар манайхаас гарах юм байна. Байгалийн баялгаа бүгдийг нь өгөх юм байна. 24 тэрбум ам.долларыг нэхэгдэх юм байна. Тэгэхээр "Монгол Улсад ямар ашигтай вэ?" гэдэг дээр асуултын тэмдэг үлдэж байгаа юм. Би бол аль ч тохиолдолд Монгол Улсын эсрэг зүйл болчихжээ гэж л хэлнэ. Одоо бид нар хүүгийн хүү гэдэг хэлбэр дээрээ яваад байна шүү дээ.
Тиймээс бид 2025 ондоо багтааж энэхүү зээлийн хэлэлцээрийг өөрсдөдөө ашигтай болгох ёстой. Тэр нь анхны зээлийг өөрчлөх биш, зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах боломж байгаа гэж харж байгаа.
Оюутолгойн зээлийн гэрээнд өөрчлөлт орох болгонд Засгийн газрыг огцруулах ажил явагддаг байсан гэдгийг бид бодолцох ёстой. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед "Эзэн нь юмаа мэддэг юм аа" гэж хэлсний дараа Засгийн газрын асуудал хөндөгдөж байсан. Сая бас Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдлөө. "Онтре"-тэй холбоотой асуудал хөндөнгүүт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцруулах асуудал хөндөгдсөн. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал сая хөндөгдлөө. Энэ нь мөн л Оюутолгойн зээлийн гэрээний хэлэлцээрийн цаг хугацаатай таарч байгаа юм. Гаднаас нөлөөлөөд байна гэж үзэхгүй байна. Гэхдээ хардах эрхтэй...
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.