🔴Т.Аубакир: Аймаг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хариуцсан 3-4 албан хаагч ажиллуулна

AI хөрвүүлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нар танилцууллаа.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Монгол Улсын төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэн, ил тод болгох зорилгоор Засгийн газар тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухаан ашиглан бараа, ажил үйлчилгээ худалдан авдаг болсноор тендер, шахааны хулгайг зогсоосон. Мөн зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр борлуулж, гэрээний хулгайг таслан зогсоосон. Овоолгын хулгайн асуудлыг удахгүй шийднэ.

Эрдэнэс Тавантолгой компани дээр бүх худалдан авах гэрээ, орлого, зардлыг ил тод болгосон. Энэ сайн жишгийг зөвхөн хэдхэн компанид бус, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой нийт 7 мянга орчим байгууллагад нэвтрүүлнэ. Эдгээр байгууллагад нийт 135 их наяд төгрөгийн хөрөнгө байгаа бөгөөд үүний 22 их наяд нь аймаг, нийслэлийн өмчид, 112 их наяд нь төрийн өмчид бүртгэлтэй. Одоогийн байдлаар энэ их хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлан, худалдан авалт, борлуулалт, ашиглалтын байдал зэрэг мэдээллүүд ил тод биш учраас төрийн өмч эзэнгүйдэж, үрэгдэж, шамшигдах, үнэгүй шахам ашиглуулах явдал газар авсан. Тиймээс төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгоно.

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, худалдан авалт, түрээсийн мэдээлэл, компанийн засаглал, ТУЗ-ийн сонгон шалгаруулалт, төлөөлөл, шийдвэрүүд, төлөвлөгөө, төсөв, үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг бүх мэдээллийг энэ цахим системд ил тод тавина. Ингэснээр иргэн бүр хүссэн мэдээллээ авч, төрийн өмчтэй холбоотой хардлага сэрдлэг, хулгай зэлгий, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсооно гэв.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Өнөөдөр тохиож буй Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хоёр шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр болсон. Өмнө нь сайд, ТНБД нар байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ТББ-ын төлөөллийг илүүтэй оролцуулна.

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангах зорилгоор одоогийн хэрэгжүүлэгч агентлагийг тохируулагч агентлаг болгон өөрчлөх Засгийн газрын тэмдэглэл гаргалаа. Тохируулагч агентлаг нь зорилтот бүлэгтээ илүү чиглэсэн, судалгаатай, үр дүнтэй ажил хийх боломжтой. Монгол Улсад 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг бөгөөд хөдөө орон нутагт төрийн үйлчилгээ хангалттай хүрдэггүй сул тал бий. Тохируулагч агентлаг байгуулснаар аймаг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хариуцсан 3-4 албан хаагч ажиллуулах боломж бүрдэнэ гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу:

-Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Бортээгийн ордын ТЭЗҮ 2020 онд батлагдсан бөгөөд 2025 оны 11 дүгээр сард шинэчлэн батлуулах чиглэл өгсөний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгдсэн ТЭЗҮ-ийн шинэчлэлтийг хийж байна. Энэ ажил 2026 оны эхний улиралд дуусна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хараат бус хөндлөнгийн аудит оруулах сонгон шалгаруулалт үргэлжилж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.