🔴С.Бямбацогт: Оюутолгойн сонсголд гадаад томилолттой учир оролцож амжихгүй
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Энэ сарын 8-нд болох сонсголд би оролцож амжихгүй. Гадаад томилолттой учраас сонсгол зохион байгуулж байгаа түр хороонд албан ёсоор бичгээр мэдэгдсэн байгаа.
Би 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд батлагдаж, 2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед Оюутолгойн гэрээг Монголын талд илүү үр өгөөжтэй байх ёстой, хангалттай үр өгөөжтэй биш байна гэж шүүмжилж дуугардаг цөөхөн гишүүдийн нэг байсан. Хэрэв сонсгол дуусахаас өмнө ирвэл оролцоно. Оролцохоос айгаад, зугтаагаад, эсвэл нууж хаагаад байх мэдээлэл надад юу ч байхгүй.
Оюутолгойн хэлэлцээрийг сайжруулах ажлыг Засгийн газар хийж хэрэгжүүлээд явж байгаа. Манай сайд нар илүү санаачилгатай, үр дүнтэй ажиллаж байгаа. Түр хорооны хийж байгаа сонсголтой, сонсголгүй Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийг сайжруулах, Монголын ард түмэнд үр өгөөжтэй болгох, анх хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан үеийн 53 хувийн өгөөжийг Монголын ард түмэн авах тал дээр ажиллаж байна. Үр дүн гаргана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.