🔴Т.Аубакир: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд оочир дараалалгүй оруулна
Гэр бүлийн хөгжлийн тухай хууль болон нийгмийн бусад асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр Гэр бүлийн хөгжлийн тухай хуулиа танилцуулсан. Гэр бүлийн хөгжил рүү илүүтэй чиглэсэн зүйл заалтуудаа авч үлдээд, хууль үндсэндээ бэлэн болсон. Засгийн газар хэлэлцээд, УИХ-д өргөн барихад бэлэн болсон.
Энэ хуулийн төсөл дээр цалинтай ээжийн мөнгийг нэмэх заалт ороогүй. Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд оочир дугааргүй хамруулах заалт байгаа. Энэ талаар нийгэмд янз бүрийн л үзэл бодлууд байна. Хүн амаа өсгөх, олон хүүхэд төрүүлэх, хүн ам зүйн бодлогыг дэлхийн аль ч улс орны Засгийн газар тууштай авч явдаг. Японы жишээнээс харахад, нас барж байгаа хүний тоо нь төрж байгаа хүний тоотой үндсэндээ тэнцээд ирлээ. Монгол Улсын Засгийн газар ч гэсэн олон хүүхэдтэй байх бодлогыг тууштай дэмжинэ. Тэрийгээ энэ хууль дээр ийнхүү тусгаж өгсөн.
Тэтгэврийн зээлийн асуудлыг өнгөрсөн даваа гарагт Өргөдлийн байнгын хороон дээр хэлэлцсэн. Энэ бол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны асуудал биш болоод удаж байна. Арилжааны банк буюу Монголбанкны асуудал болсон.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Өчигдөр Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байранд бэлтгэж дадлагажуулах, сургах ажлууд маш үр дүнтэй явсан гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.