🔴С.Ганбаатар: Монголчууд бүгдээрээ биеэ үнэлэгчид биш шүү. Оюутолгойн сонсголоор гарц гаргалгаа гарна
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана. Сонсголд 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэрчээр оролцох юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Оюутолгойн төслийн талаар үнэн мөнийг мэдэж, алдааг засах цаг болсон. Анх 400 тэрбум ам.доллар гэж яригдаж байсан төслийн өртөг одоо 600 тэрбум ам.долларт хүрсэн байх. Энэ их хэмжээний баялгаа өгчихөөд оронд нь өртэй үлдэх нь гунигтай, харамсалтай.
Энэ асуудлаар Монголын парламент сонсгол хийж байгаа нь улс төр эрүүлжих гэж оролдож буйн илрэл гэж ойлгож байгаа. Сонсголд гэрчүүд ирэх үүрэгтэй. Тухайн үед шийдвэр гаргаж байсан, энэ асуудлыг ярьж байсан бүх хүмүүс ирж, үнэнийг ярих ёстой.
Би тухайн үед "34 хувь бол аюултай занга" гэдгийг бичгээр өгч байсан. Тэр захидлаа сонсгол дээр очиж үзүүлнэ.
Аюултай уул уурхайн луйварт монголчууд дахин өртөж алдахгүйн тулд бид сонсголдоо заавал оролцох ёстой. Би Оюутолгойн асуудлыг олон жил ярьсан. Хэзээ ч хэн нэгнийг буруутгаж, яллахыг хичээгээгүй. Эндээс зөвхөн монголчууд хожих ёстой. Монголын ард түмэн нэг талд гарч, энэ асуудлыг үр хойчдоо сайн болгож, роялтигаа нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг баримтална.
Монголын ард түмэн баялгийнхаа талаар парламенттайгаа нийлж, юун дээр алдаж, онов, цаашид яах ёстой вэ гэдгээ ярих ёстой. Үндэслэлгүйгээр бие биеэ доромжлох нь сайн зүйл биш. Бид баримт, үндэслэлээ ярих ёстой.
Монголын ард түмэн энэ уул уурхайн томоохон мөнгөний үр ашгийг хүртээсэй гэж би 20 гаруй жил ярьж байна. Маш олон ажилгүйдэл, ядуурал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтэцгүй байдалтай Монгол орон өрнөөс өрийн хооронд явж, өндөр хүү төлж байна.
Үүний оронд уул уурхайн баялгаа ард түмэндээ ашигтай болгооч ээ гэдэг асуудал. Гадна дотнынхонтой нийлсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өнөөдөр Монголын парламент, Засгийн газар, улс төрд нөлөөлдөг нь үнэн.
Гэхдээ ийм арчаагүй байдлыг бид зүгээр хараад сууж болохгүй. Ядаж сонсгол хийж, ярилцах ёстой. Монголчууд бүгдээрээ биеэ үнэлэгчид биш шүү дээ. Бид үнэнийг ярьж, гарц гаргалгаа гаргадаг байх ёстой гэсэн байр суурьтай байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.