🔴М.Энхцэцэг: Оюутолгойн сонсгол үр дүнтэй, зээлийн хүүг бууруулахад хувь нэмэр оруулсан ажил болно
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол хийснээр өндөр үр дүнтэй, цаашид Монголын талд ашигтай болоход хувь нэмэр оруулсан ажил болно. Мөн УИХ-ын гишүүдийг бүрэн мэдээллээр хангах үйл ажиллагаа болох юм.
Монгол Улсын хувьд Оюутолгойгоос олж болох дараагийн томоохон зүйл бол цахилгаан эрчим хүчийг Оюутолгойд зарах явдал. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байсны учраас Хятад улсаас авч эхэлсэн. Одоогийн байдлаар Оюутолгой жилдээ бараг 500 тэрбум төгрөгийн цахилгааныг Хятад улсаас худалдаж авч байна. Засгийн газрын зүгээс заавал Монголоос цахилгаан авах ёстой гэдэг олон удаагийн хэлэлцээрийг Оюутолгойтой хийсний үр дүнд нааштай хэлэлцээрт хүрсэн. Үүний тулд Тавантолгойн ДЦС-аа барих шаардлагатай. Оюутолгой цахилгаан эрчим хүчийг 1 кВт цагийг 9.5 центээр авах байсан бол энэ нь цаашаа индексжиж өсөөд, инфляцын улмаас бараг 10.5 цент хүрээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ДЦС-ыг барьчих юм бол борлуулалт нь аль хэдийн баталгаажсан гэсэн үг.
Тэгэхээр Монголын Засгийн газар Тавантолгойн ДЦС-ыг маш яаралтай барих хэрэгтэй. Тус станцыг барихад хоёр их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Тэгвэл Оюутолгой руу 500 тэрбумаар зарж, дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтыг нөхнө. Мөн цаашид тасралтгүй маш их хэмжээний орлогыг эрчим хүчний салбар, цаашлаад Монгол Улс Оюутолгойгоос олоод явах боломжтой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.