🔴О.Номинчимэг: 2030 он гэхэд тамхидалт 14 хувиар буурна

AI хөрвүүлсэн

О.Номинчимэг нарын гишүүдийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Бидний 78 гишүүн хамтарч өргөн барьсан энэ хуулийн үндсэн зорилго бол татвар авах асуудал биш. Тамхины бүтээгдэхүүнийг ч сайн, муугаар нь ялгаагүй. Ерөөсөө үндсэн зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах явдал.

Яагаад гэвэл тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь 18 наснаасаа өмнө тамхи татаад эхэлчихсэн байдаг. Тамхи татдаг хүмүүсийн 99 хувь нь 26 нас хүрэхээсээ өмнө тамхинд орчихсон байдаг. Тэгэхээр яг зорилтот бүлэг болох өсвөр үеийнхэн рүүгээ чиглэсэн тамхидалтаас хамгаалах бодлогыг сайн явуулж чадах юм бол бид нар тамхигүй ирээдүй, эрүүл хүүхдийг өсгөж чадна.

Энэхүү хуулийг, ялангуяа татвартай холбоотой асуудлуудыг Монгол Улсын нөхцөл байдалд тааруулж, хөрш орнуудын тамхины үнэ, монголчуудын амьжиргаа, худалдан авах чадвар, сагсны бүтээгдэхүүний үнэ, инфляц гээд олон зүйлийг тооцоолж гаргасан. Ингээд үзэхэд бол 2030 он гэхэд тамхидалт 14 хувь буурна гэсэн судалгаа гарч ирсэн.

Тамхидалт их байгаагийн шалтгаан үнэтэй холбоотой. Ялангуяа янжуур тамхины хувьд үнэтэй шууд холбогдож байна. Зөвхөн насанд хүрсэн хүн биш, хүүхдүүдийн дунд ч янжуур тамхины хэрэглээ ихэссэн байна. 13-17 насны хүүхдүүдийн янжуур тамхины хэрэглээ өмнө нь 2019 онд 11 хувь байсан бол одоо 20 хувь болоод өсчихсөн. Үнэ хямд болохоор хүртээмж өндөр байна гэсэн үг.

Ямар ч замбараагүй, хуулийн зохицуулалт байхгүй электрон тамхи, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулна.

Эдийн засгийн арга бол мэдээж татвар. Гэхдээ бид нар энэ татвараа яг тамхидалттай тэмцэхэд, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалахад зарцуулна гэдгийг тов тодорхой хуулийн төсөлдөө оруулсан. Нэгдүгээрт, хүүхдүүдийн үдийн хоолны шим тэжээлийг сайжруулахад зарцуулна. Хоёрдугаарт, донтолтоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спорт, урлаг. Хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчныг нь бид бүрдүүлэхгүйгээр элдэв төрлийн донтолтоос хамгаалж авна гэж хэлж болохгүй, чадахгүй. Тэгэхээр татварыг 21 аймаг, есөн дүүрэгт спортын дугуйлан, мөн спортын байгууламжийн хүртээмжийг сайжруулахад ашиглана. Гуравдугаарт, тамхинаас үүдэлтэй өвчлөлийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.