🔴Б.Баярбаатар: Би Оюутолгойн хүмүүсийг зайл гээгүй. Ажлаа хийж чадахгүй хүмүүс зайлах хэрэгтэй гэсэн
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Түр хороог байгуулаад, олон саадыг давсан. Жишээлбэл, Оюутолгой компанийг зургаан удаа урьсан ч "Аюулгүй байдал алдагдана" гээд ирээгүй. Би урьж авчирсан хүмүүсээ "Зайлаарай" гэж хэлээгүй. Ажлаа эрхэлж чадахгүй хүмүүс ажлаа өгөөд, зайлах ёстой. Оюутолгой сүүлийн 10 жил ТЭЗҮ-гүй үйл ажиллагаагаа явуулсан байна. 2015 оноос хойш ТЭЗҮ-г батлаагүй, гадны хөрөнгө оруулагчийг дураар нь явуулчихсан. Энэ төрийн буруу. Бид ТЭЗҮ-г сайжруулаад шаардлага тавьж, 2015 онд батлах ёстой байсан.
Иргэд мэдэх эрхтэй, тэднийг мэдээллээр хангах ёстой. Оюутолгойн гэрээ үнэхээр зөв байсан уу, дэвшил байсан уу? Иргэдээс хамгийн ихээр ирж байгаа асуулт бол "Ноогдол ашиг хэзээнээс авах вэ?" Оюутолгойн өнгөрсөнтэй зууралдах нь буруу мэт харагдаж магадгүй. Гэхдээ иргэд яагаад ноогдол ашиг хүртэхгүй байгааг тогтоож, дараагийн асуудлыг шийдэх ёстой. "Онтрэ"-г ч тэр анхнаасаа зөв байгуулахгүй бол арван жилийн дараа амаа бариад суух болно.
Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд ордог, хүн ам цөөтэй, газар нутаг томтой. Ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх шаардлагатай. Энэ нь эдийн засаг, амьдралд бодит үр нөлөө үзүүлнэ. Гэрээнүүд ил тод, нээлттэй, олон нийт хэлэлцэж байж байгуулах ёстой. Нууц байх ёсгүй. Түр хороо ингэж ажиллаж байгаа учраас чухал үр дүн гарна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.