"Бид архивчид" нэгдсэн сургалт болов
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдрийг “Архивчдын өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр “Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд 7 хороо, 8 цэцэрлэг, 9 сургууль, 1 дэргэдэх хэлтэс нийт 25 байгууллагын архивын өрөөг стандартын дагуу шинэчлэн, нягтруулсан шүүгээ болон тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ архив, бичиг хэргийн ажилтныг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсныг дурдаад монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх чухал ажилд тань амжилт хүсье” гэлээ.
Сургалтын эхэнд энэ онд зохион байгуулсан“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгээр амжилттай үнэлэгдэж тэргүүн байр эзэлсэн байгууллагуудыг урамшуулж, шагналыг гардууллаа.
Дүүргийн хэмжээнд нийт 93 байгууллага үзлэгт хамрагдсанаас “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг түшиглэн, архивын үндсэн үйл ажиллагаатай танилцуулж, туршлага солилцлоо. Мөн дүүргийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Дүүргийн түүх-бидний түүх” сэдэвт түүхчилсэн лавлах бүтээх аяны шилдгүүдийн шагналыг гардуулж, Засаг даргын нэрэмжит ӨРГӨМЖЛӨЛ хадгалуулав. Сургалтын үеэр Архивын хэлтсийн дарга Б.Батхишиг 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч М.Чимгээ “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэсэн талаарх танилцуулга хийн, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын түүх, соёлын голомт” сэдвээр илтгэж, зохиолч Х.Батмэнд “Монгол хэл, бичиг соёл”-ын талаар мэдээлэл өглөө.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.