🔴Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр, тэтгэмж саатсан зүйл огт байхгүй

AI хөрвүүлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарт 2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэлтэй холбоотой үүрэг даалгаврыг өгчээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Юуны өмнө, 2025 оны жилийн эцэс хүртэлх батлагдсан төсвийн хуулийн дагуу орлого бүрдүүлэлт, татварт онцгой анхаарч ажиллах ёстой. Орлогод тааруулж, алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлэх, ач холбогдлоор нь ангилж гүйцэтгэх үүрэг өгсөн. Мөн ААН, иргэдэд нөхцөл байдлын тухай тогтмол, ил тод мэдээлэл өгнө. Энэ бол зөвхөн татварын байгууллагын бус, эдийн засгийн идэвхжилтэй холбоотой тул бүх сайд нар онцгой анхаарах ёстой.

Хэмнэлтийн хууль дөрөв дэх жилдээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд цаашдаа ч ач холбогдлоо харуулж байна. Үлдсэн хугацаанд орлого бүрдүүлэлттэй холбоотойгоор зардлаа хэмнэж, эрэмбэлэхдээ цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, ОБЕГ-ын зардал, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн салбарыг тэргүүн ээлжид саадгүй санхүүжүүлэх үүрэг авсан. Цаашид хэмнэлтийн хуулийг чанд сахиж, шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй. Он дуустал тэвчиж болох бүх зардлыг тооцож хэмнэх, 2026 онд хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх үүрэг өгсөн юм.

Энэ жилийн хувьд Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өвлийн хүндрэл, цас зуд, онцгой байдал, ХХААХҮЯ-ны бэлтгэлд зарцуулах үүрэг өглөө. Хуримтлагдсан өрөөс уул уурхайн салбарын татварын өр их хувийг эзэлж байгаа тул хөнгөлөлт, чөлөөлөлтийг зогсоох, хязгаарлах санал боловсруулна.

Мөн гааль, татварын байгууллагууд илүү эрчимтэй, ил тод ажиллах, төрийн байгууллагуудын сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэх үүрэг өгсөн. Гаалиас өдөрт 30 тэрбум, татвараас 100 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх зорилго тавьсан.

Орон нутаг болон нийслэлд цалин, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж саатсан зүйл огт байхгүй. Төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна. Гол нь татварын орлогоос давсан зардал гаргахгүй, орлогодоо тааруулж зардлаа зохицуулж байна. Тэрнээс биш, төрийн сан хоосорсон гэсэн ойлголт буруу гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.