🔴С.Баяр: 34 хувиас болж хөрөнгө оруулалтын гэрээ нь зээлийн гэрээ болж хувирсан
Оюутолгойн бүлэг ордын сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр зээлийн хүүгийн асуудлаар үргэлжлэх юм. Сонсголд ерөнхий сайд асан С.Баяр оролцож байна.
Ерөнхий сайд асан С.Баяр:
-Аливаа төслийн үр өгөөж нь мэдээж чухал. Энэ гэрээг 2009.10.06-нд баталсан ч тодорхой нөхцөл болзлыг хангасны дараа хүчин төгөлдөр болно гэдэг нөхцөлтэй байсан. Ингээд 2010.03.30-наас хүчин төгөлдөр болсон. Бид 34 хувийг авснаар бидний өгөөж 53-58 хувь, 34 хувийг авахгүй гэвэл 77 хувьтай байх тооцоог тухайн үед хийж байсан. 57-р тогтоолыг тойрч нэлээдгүй ярих ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ 57-р тогтоол гарахад сэтгэл хангалуун бус байсан. Тогтоол нь өөрөө хуульдаа нийцээгүй гэдгийг УИХ-ын дарга, гишүүдэд хэлж байсан. Тодруулбал, улсын төсөв оролцоогүй хайгуул хийсэн газарт 34 хувь хүртэл гэж заасан гэтэл 57-р тогтоолд 34 хувиас доошгүй гэдэг тоотой. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь хүртэл төр эзэмшлээ тогтооно гэдэг хуулиас давсан шаардлагаа тавьсан.
Энэ Түр хорооны хуралд би хүрэлцэн ирэх шаардлагагүй гэж бодсон. Өнөөдөр зориуд ирлээ. Түр хорооны ажил үр дүнгээ өгөөсэй гэж хүсэж байна. Гэтэл гол шалтгаанаа ярихгүй, үр дагавраа яриад байх юм.
Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ дээ. Овоо нь энэ 34 хувь юм. 34 хувийг авах болсноос хамаараад хөрөнгө оруулалтын гэрээ нь явсаар байгаад зээлийн гэрээ болж хувирсан. Хуульд авч болно гэж байгаа ч тогтоол нь заавал ав гэж Засгийн газарт үүрэг болгосон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.