Бүх сумдад шатахуун нийлүүлжээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж, дөрвөн хоногийн дотор шатахуун хангалт, түгээлтийг хэвийн болгох албан даалгавар өгсөн билээ.
Ялангуяа орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангахыг үүрэг болгосон юм. Энэ талаар салбарын сайдын мэдээлснээр, өчигдрөөс эхлэн бүх сумдад шатахуун нийлүүлсэн байна. Шатахууны нөөц хангалттай атал нийлүүлэлт, түгээлт доголдсон асуудалд “Дизель түлшний тухайд бөөний худалдаа руу аж ахуйн нэгжүүд түлхүү анхаарч, жижиглэнгийн худалдаа руу бага анхаарсан нөхцөл байдал үүссэн” гэсэн юм.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин болон дизель түлшний 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд импорт хэвийн байгааг мөн яриандаа онцлов. Тэрбээр “ОХУ-аас бидэнд амласан ёсоороо шатахуун хангалттай нийлүүлж байна. Импорт эрчимжиж байгаа” гэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.