НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2026 оны төлөвлөгөөнд холбогдох чиглэлээр санал тусгуулахаар болжээ.
 
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль, цаг уур, бусад хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой байдлын салбарын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтран ажиллаж буйд Шадар сайд талархал илэрхийлж, 2026 онд баруун бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тус сангаас шийдвэрлэхээр болсныг онцоллоо.
 
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хүүхэд, өсвөр үеийнхэн багтдагийг онцолж, хүүхдийн гамшгийн эрсдэлийн индексийг аймгуудын түвшинд тооцож байна хэмээжээ. Үүний зэрэгцээ тусламжийн бараа, логистикийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, ОБЕГ-т усан доорх дрон болон цас, зудын үед ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх, хил дамнасан ой хээрийн түймрийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг судлах, албан хаагчдыг чадавхжуулах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дасгал сургуулилалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр судалж буйгаа илэрхийлсэн юм.
 
51a40394fc10453c8c1a5fd4eeea5967

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.