Соёлын биет өвийг худалдан борлуулахаар завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Соёлын биет өвийг худалдан борлуулахаар завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 224, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Өмчлөх эрхийн эсрэг 223, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 17, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 112, бусад 11 хэрэг байна.

Тодруулбал, Зуслангийн газар үзэх гэж явж байсан иргэн соёлын биет өвийг олж, улмаар зохих газарт нь мэдэгдэлгүй худалдан борлуулахаар завдсан үйлдлийг шүүхэд шилжүүлжээ. Иргэн Б нь 2024 онд Баянзүрх дүүргийн Улиастайн хойд амны “Майхант” гэх газар зуслангийн газар үзэхээр явж байхдаа 1421 оны буюу XV зууны Мин улсын үед хамаарах хятад ханз бичээс бүхий түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв болох төмөр нумыг олсон байна.

Ингээд тухайн иргэн нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн цахим орчинд соёлын биет өв болох төмөр нумыг худалдан борлуулахаар зарыг байршуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулахыг завджээ.

Энэ хэрэгт иргэн Б-ийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.