🔴LIVE: Террил Атиензагийн нөхөр: Эхнэрийнхээ зүрхийг олбол миний сэтгэл амарна
Сэтгүүлч С.Будрагчаа болон түүний багийнхан “Эрэл групп”-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Террил Атиензагийн мөрөөр хил дамнасан "Боолчлогч" нэртэй сурвалжилга бэлтгэсэн. Тус хил дамнасан эрэн сурвалжлах нэвтрүүлгийг Монголын ард түмний хандивласан 19,980,000 төгрөгийн тусламжаар бүтээсэн. Энэхүү нэвтрүүлэг олон нийтийн хүртээл болсноор энэхүү хэрэг дахин сөхөгдөж эхэлсэн юм. Ингээд “Эрэл групп”-ын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгч Террил Атиензагийн үхэлтэй холбоотойгоор талийгаачийн ар гэрийнхэн Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болж, хандивын аянг эхлүүлсэн. Тус хандивын ачааар тэдний гэр бүл манай улсад өнөөдөр ирлээ. Хохирогчийн гэр бүл маргааш прокурорт албан ёсоор хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг хуульчдын багаар дамжуулан гаргах юм. Түүнчлэн Монголын ард түмэн хохирогч Террил Атиензагийн гэр бүлд 17.200 ам.доллар буюу 60 гаруй сая төгрөгийн хандив өгснийг тэдний гэр бүлд өглөө. Ингээд Террил Атиензагийн гэр бүлийнхний сэтгэгдлийг хүргэж байна.
Террил Атиензагийн том охин:
Ээжийгээ яваад буцаж ирээгүй газар руу явах гэж байгаадаа би маш их айдастай байсан. Харин өнөөдөр би айхгүй байна. Монголчууд та бүхний дунд ээж минь байгаа юм шиг дулаахан санагдаж байна. Бид та бүхний хайрыг хэзээ ч мартахгүй. Гэртээ, хүүхдүүддээ ирэхийг маш их хүсэж байсан ээж минь яагаад амиа хорлоно гэж? Түүний бие хөх няц болсон байсан. Ээжийг минь яргалж, зүрхийг нь авч, тамхины цогоор олон түлсэн байсан гэж эмч нар хэлсэн. Миний ээжийн зүрхийг хэн авсан бэ? Үнэнийг мэдэхийг хүсэж байна.
Террил Атиензагийн нөхөр:
-Бид энд мөнгөний төлөө ирээгүй харин шударга үнэний төлөө ирсэн. Эхнэрийнхээ биеийг хүлээж авахад маш их бэртэл, гэмтэлтэй байсан. Эхнэрийнхээ зүрхийг олж чадах болов уу. Хэрэв тэгвэл сэтгэл зүрх минь амарна. Харь орны хүмүүс ч гэлээ бидэнд тусалж байгаад баярлалаа.
Талийгаачийн бага охин:
- Ээж минь үгүй болсноос хойш бүх зүйл хоосон гудамжнууд л болсон. Ээжийнхээ нэрийг дуудаад орилж байсан тэр жагсаалыг санадаг. Дэлхий ээжийг минь залгичихаад, биднийг хаячихсан л юм шиг санагддаг байсан. Бидэнд үлдсэн ганц зүйл бол уй гашуу. 14 жилийн урт хугацааны дараа нэгэн сэтгүүлч ирж, биднийг сонсож, шударга ёсны дуу хоолой болсон. Хүн чанарын гараа сунгаж, биднийг босгосон. Энэрэл нигүүлсэл, хүн чанар гэдэг зүйл хил хязгаар үл харгалздаг юм байна. Би ээжийгээ тэвэрмээр байна. Би ээждээ хэлмээр байна, "Бүх монгол хүн муу хүн биш, та л азгүй байжээ" гэж хэлэхийг хүсэж байна. Бидэнд тусалсан, бидэнд энэрэнгүй, нигүүлсэнгүй байсан монголын ард түмэн та бүхэнд баярлалаа. 14 жилийн дараа ч хайр бүдгэрдэггүй, 14 жилийн дараа ч итгэл найдвар биеллээ олдог юм байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.