Кёкүшюзан Д.Батбаяртай адилаар Д.Цэрэндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгов
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн НПГ-ын прокуроруудын эсэргүүцэл, хохирогч “Евроази интернейшнл инвестмент холдинг групп лимитед”-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч “Уранган” ХХК-ийн эзэн Б.Лхагвасүрэн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн дээрх хүмүүст холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Өөрөөр хэлбэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 26-нд шийтгэх тогтоол гаргахдаа Кёкүшюзан Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүний адилаар давж заалдах шатны шүүх Д.Цэрэндоржид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгов.
Уг нь анхан шатны шүүхээс Д.Цэрэндоржийг 40, Н.Болормааг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсан юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзвал олны анхааралд байсан эл хэрэгт зөвхөн Н.Болормаа л торгох ял шийтгүүлээд дуусах нь. Прокурорын байгууллагаас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр Т.Баясгалангийн хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм.
Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп лимитед” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэрэгт холбогдуулан шалгасан билээ.
Анхан шатны шүүх Т.Баясгаланг цагаатгаснаар прокурорын зөвшөөрлөөр шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлаад байсан, түүний нэр дээр бүртгэлтэй 16 орон сууц, объект, Увс, Ховд, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, “Форд-350”, “ГАЗ М-1” “Ландкруйзер-200”, “Рэнжровер” зэрэг нийт долоон автомашиныг буцаан олгохоор болсон. Мөн Кёкүшюзан Д.Батбаярын “Роллс ройс пантом”, “Бентли флайнг спур”, “Лексус-570”, “Ниссан патрол” загварын таван автомашин, нэг орон сууцыг эргүүлэн өгөхөөр болсон юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.