🔴О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголоор тус гэрээг өөрчлөх нь зүйтэй гэдэг нь тодорхой болсон

AI хөрвүүлсэн

Өнөөдөр Оюутолгойн хянан шалгах түр хороо хуралдаж, Оюутолгойн сонсголын нэгдсэн тайлан, санал, дүгнэлттэй танилцаж, УИХ-ын нэгдсэн чуулганд орох тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг 12 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Оюутолгойн үйл ажиллагааны сүүлийн 16 жилийн үйл явц, үр дагавар, авсан арга хэмжээний талаар гурван хоногийн турш олон нийт нэлээн сайн ойлголт авсан болов уу гэж хувьдаа дүгнэж байна. Ирцийг нь аваад үзэхэд ч өмнөх таван сонсголтой харьцуулахад түүхэн хэмжээний сонсгол болсон гэж бодож байна. Одоо бид үүнээсээ дүгнэлт хийж, үнэлэлт өгөөд, УИХ-ын тогтоолын төслөө бэлдээд дуусаж байна.

Өнөөдөр Хянан шалгах түр хороо хуралдаж, улсын нэгдсэн тайлангаа хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслөө маргааш нэгдсэн чуулганаар батлуулна гэсэн хүлээлттэй байна. Энэ дотор цаашдаа Оюутолгойн төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж байгаа юм.

Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрт орж байгаа. Яг юу яригдаж байгаа талаар зөвхөн хэлэлцээрийн ажлын хэсэг л мэдэж байгаа болов уу. Хянан шалгах түр хороо хэлэлцээр эхлэхээс өмнө байгуулагдсан. Тиймээс бид хуулийн хугацаандаа багтаж сонсголоо зохион байгуулаад, УИХ-ын тогтоолоо батлуулахаар ажиллаж байна. Энэ нь ч Засгийн газрын хэлэлцээр цаашдаа амжилттай явахад нэлээн том дэмжлэг болох болов уу гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.