Ц.Мөнх-Оргил: Оранотой байгуулсан гэрээг ажил хэрэг болгож, Монгол Францын харилцааг стратегийн түншлэлд хүргэхийн төлөө ажиллана

Ц.Мөнх-Оргил: Оранотой байгуулсан гэрээг ажил хэрэг болгож, Монгол Францын харилцааг стратегийн түншлэлд хүргэхийн төлөө ажиллана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 21 оронд томилогдох элчин сайд нарын талаар хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. УИХ-ын гишүүд элчин сайдад нэр дэвшигчдээс тухайн улсад томилогдож очоод ямар ажил хийхээр төлөвлөж буй талаар асуув.

Бүгд Найрамдах Франц улсад суух Элчин сайдад нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил:

-Миний хувьд томилолтын дөрвөн жилийн хугацаанд Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлд хүргэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар АНУ, Япон, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Итали гээд найман улстай стратегийн түншлэлтэй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол, Францын харилцааг энэ найман улстай ижил түвшинд хүргэх ёстой юм байна. Үүнийг хийхийн тулд юуны өмнө цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, манай улсын Засгийн газар, Орано компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэг болгох, мэдээлэл харилцаа холбооны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Тухайлбал, Францын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын өөрийн холбооны хиймэл дагуулыг хөөргөх ажлыг хийж гүйцэтгүүлэх, Францад сурч байгаа Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, 156 сая долларын эргэлтэй байгаа худалдааны эргэлтийг наад зах нь тэрбум долларт хүргэх ёстой байна. Энэ ажлыг хийж чадвал Монгол Францын харилцаа стратегийн түншлэлд хүрч чадах юм байна гэж бодож байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.