НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа нарны эрчим хүчний халаалтын системийн талаар санал солилцлоо.

69437bcee337fe7967a30be4

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний төслүүд дутагдалтай байна. Нийслэлийн гэр хороололд 170 гаруй мянган өрх нүүрсэн суурьтай түлш хэрэглэж, өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлдэг. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “2024 онд гэр хорооллын 68 өрхөд нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулж, бүрэн ашиглалтад оруулсан. Сүүлийн хоёр жилд 500 өрхөд суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газрыг дэмжих зорилгоор Нарны эрчим хүчний итгэлцлийн сан байгуулахад бэлэн байгаа. Ингэснээр 5000 гаруй өрхийг нарны эрчим хүчний халаалтын системд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой. Мөн нарны эрчим хүчний халаалтын байгууламж байгуулахыг дэмжинэ” гэдгийг тодотголоо.

69437be6e337fe7967a30be6

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс аж үйлдвэрийн паркийн загварууд, ухаалаг хотын хэрэгслүүдийг сайжруулахад хотын захиргаатай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, хог хаягдлын менежмент болон тойрог эдийн засгийн зарчмуудыг нэгтгэсэн ногоон аж үйлдвэрийн паркийн дизайн, тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжих, хотын үйлчилгээг сайжруулахын тулд дижитал болон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг шинжлэх, нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал солилцлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.