Ц.Идэрбат: Евразийн хэлэлцээрээр тамхины гаалийн албан татвар тэглэгдвэл хямд тамхи орж ирэх сөрөг нөхцөл үүснэ

Ц.Идэрбат: Евразийн хэлэлцээрээр тамхины гаалийн албан татвар тэглэгдвэл хямд тамхи орж ирэх сөрөг нөхцөл үүснэ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн явцын талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Тамхины хяналтын хуулиар татварыг үе шаттай нэмэгдүүлэх, татваргүй орж ирж буй электрон тамхинд татвар оногдуулах зорилготой. Татварын үнийн дүнгийн хоёр хувийг эрүүл мэндийн сан руу зарцуулдаг байсан бол 50 хувь руу оруулна. Ингэснээр хүүхдийн хоолны шим тэжээл, спорт заалны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн тамхины эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд тодорхой хувийг зарцуулна гэлээ.  

Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй холбоотойгоор тамхины татвар хэрхэн зохицуулагдаж байгаа талаар тодруулахад,

-Монгол Улс экспортын бараа бүтээгдэхүүнээ Евразийн зах зээл рүү гаргах үүд хаалгыг нээж өгч байгаа. Гэвч тамхин бүтээгдэхүүнтэй холбоотой заалт орж ирсэн нь нэр бүхий зургаан улсаас тамхи, тамхин бүтээгдэхүүн орж ирвэл гаалийн албан татвар нь тэглэгдэнэ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гаргахдаа “Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг баталж байгаа тохиолдолд Засгийн газар гаалийн албан татварыг тэглэж, нөгөө талд онцгой албан татварын асуудлыг шийд. Эс бөгөөс хэд хэдэн сөрөг үр дагавар гарна. Маш хямд тамхи орж ирэх, бизнесийн тэгш бус харилцаа үүснэ”. Тиймээс Засгийн газар тогтоолын төсөл оруулж, гаалийн албан татварыг тэглэж байгаа асуудлаа онцгой албан татвараар зохицуулах үүрэг өгсөн байгаа. Өнөөдөр чуулганаар тогтоолын төсөл орж, батлагдана. Үүний дараа тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бэлэн болгож, байнгын хороо болон чуулганаар оруулна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.